Сэтгэл судлал, Сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн сургалт PDF Хэвлэх И-мэйл
Сургалт

Тэнхмийн сургалт

Сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим МУИС-иас багшийн мэргэжлээр төгсч гардаг бүх ангид жилд дунджаар 2000-3000 цагийн ногдол бүхий сургалтын ажил явуулж, 2-3-р ангид сэтгэл судлал 40-60 цаг, 3-4-р ангид сурган хүмүүжүүлэх ухаан 54-86 цаг, 3-4-р ангид сургууль хүүхдийн эрүүл ахуйн 30-36 цаг зааж, төгсөх ангид тойм лекц уншиж улсын шалгалт авч  байжээ.

МУИС-ийн багшийн мэргэжлээр бэлтгэгдэж буй бүх ангийн багшлах дадлагыг зохион байгуулж, жил тутам 170-220 хүний багшлах дадлага удирдаж зохион байгуулж ирлээ.  

1975-1976 онд сургалтын кабинет байгуулж олон арван үзүүлэн, номын сан, ханын сонин, яриа лекцийн фонд бий болгов. 1970 оноос Сэтгэл судлалын мэргэжлийн бус ангийн зарим оюутнууд дипломын ажил бичиж байсан 1996 оноос мэргэжлийн ангийг төгсөгчид онолын болон практик хэрэглээний сэдвээр дипломын ажил бичдэг уламжлалтай боллоо. 1963-1964 онд сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны нэр томьёоны 2 дэвтэр нийтлүүлсэн (Д.Санжжав, Б.Бор) бөгөөд мөн 1978-1979 онд сэтгэл судлалын 1000 шахам нэр томьёо-тайлбар толь хийж кабинетдаа тавьжээ. Эрдэм шинжилгээний олон улсын хуралд Б.Бор, Л.Уранцэцэг, Б.Туяа, Г.Сарантуяа Ж. Даваа нар оролцож, илтгэл тавьж байсан. Мөн дотоодын их, дээд сургууль хоорондын хуралд багш, оюутнууд удаа дараа оролцож, олон арван илтгэл тавьж хэлэлцүүлж байжээ. Тус тэнхимийн багш Б.Бор, Б.Туяа, Л.Уранцэцэг, Ж.Даваа, Г.Сарантуяа, М.Мөнхцэцэг, М.Дэлгэржав нар Оросын Холбооны улс, Хятад, АНУ зэрэг орнуудад туршлага судалж, мэргэжил дээшлүүлж байжээ. 2002-2004 онд оюутанд зориулж мэргэжлийн ном, гарын авлага 9, мөн орос хэлнээс 3 ном орчуулж нийтийн хүртээл болгосон. 2005-2008 онд мөн мэргэжлийн хичээлүүдийн ном, зохиол бичиж, хэвлэн нийтлүүлсэн. Одоо (2008 оны 10-р сарын байдлаар) тус тэнхимийн багш нарын 66 хувь нь эрдмийн зэрэгтэй байна. Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр сүүлийн 2 жилд ном товхимол 20 гаруй, өгүүлэл 80 шахмыг хэвлүүлэн нийтлүүлжээ. Манай тэнхим дээд сургуулийн сурган хүмүүжүүлэх зүйг сурталчлах гол байгууллага төдийгүй, түүнийг анх санаачлагчдын нэг мөн. 1964-1971 онд УИС-ийн 120 гаруй багшийг 1,5-4 сарын хугацаагаар сургаж үнэмлэх олгож байсан бол 1972 оноос эхлэн бүх дээд сургуулийг хамарсан 1 жилийн байнгын курс байгуулж хичээллүүлэн 1972-1979 онд бүх дээд сургуулийн 272 багшийг төгсгөж УДТДТМБ Хорооны үнэмлэх олгуулжээ. 1990 оноос "Дээд сургуулийн сургах зүй" нэртэйгээр их дээд сургуулийн багш нарт зориулсан дээд курс зохион байгуулж 150 цагийн хичээл үзэж курсын ажил хамгаалуулан улмаар дээд сургуульд "Багшлах эрхийн үнэмлэх" олгодог боллоо. Энэ ажлыг Улаанбаатар, Ховд, Эрдэнэт, Дархан зэрэг хотын их дээд сургуулийн багш нарт зориулан зохион байгуулж  байсан болно. "Дээд сургуулийн сургалтын технологи" багш нарт зориулсан номыг тэнхимийн багш нар бичиж хэвлэн нийтийн хүртээл болгов. Тус тэнхим хот хөдөөд сурган хүмүүжүүлэх ухааны суртал нэвтрүүлэг өргөн зохиодог газар юм. Хөдөө орон нутаг, бүх аймаг хотуудын урилгаар ба томилолтоор очиж яриа лекц хийж олон мянган хүнийг оролцуулжээ. Мөн олон арван захидал авч ам, бичгээр хариу өгдөг уламжлалтай. Тус тэнхим хүмүүжлийн ажилд их анхаарал тавьдаг бөгөөд МУИС, ШУТИС, АУИС, БИС-ийн олон арван ангид "Орчин үеийн залуу хүний ёс суртахуун", "Гэрлэх нөхцөл", "Дээд сургуульд суралцах арга" гэх мэт сэдвээр тус тэнхимийн багш нар яриа лекц хийж байсан түүхтэй. Мөн  оюутан залууст зориулан соёл хүмүүжлийн сэдвээр олон арван самбар, зурагт хуудсууд гаргаж байжээ. Монголын хүүхэд, залуучуудын хүмүүжилд зориулан соёл хүмүүжлийн чиглэлээр ном товхимол 30гаруй, өгүүлэл 600 гаруйг бичиж нийтлүүлжээ. Сүүлийн жилүүдэд тус тэнхимийн багш оюутнууд нийгмийн тулгамдсан асуудлаар Радио, Телевизийн нэвтрүүлэгүүдийн ярилцлага, хэлэлцүүлэгт тогтмол оролцдог боллоо. Мөн СС,СХУ-ны тэнхмийг төгссөн оюутнууд, төгсөгчид, багш нар "Сэтгэл зүй"-н төвүүдийг зохион байгуулан ажиллаж, хүмүүст зөвлөгөө өгөх, судалгаа хийх, оношлох зэргээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2009 оны 11-р сарын 24, Мягмар гариг, 12:19